Бэлэг, Бэлгэ, Билиг, Билэг, Бэлиг гэх үгсийн тайлбарыг оруулъя. Монгол бичгээр эдгээр үгсийг гайхалтай ялган бичиж болох ч хүмүүсийн түгээмэл алддаг, учрыг нь олдоггүй зүйлсийн нэг байсаар удлаа.
Дуудлага ижил атлаа өөр утгатай үг аль ч хэлэнд элбэг байдаг бөгөөд түгээмэл үзэгдэл. Харин тэдгээрийн утгыг эндүүрэх, бичлэгийг андуурах бөгөөс соёлт хүний доог мөн болой.
· Бэлэг
Гар цайлгах нандин өргөл. “Бэлгийн хариуд бэлэггүй бол үгээгүйн шинж, Үгийн хариуд үггүй бол мунхгийн шинж” гэдэг энэхүү сэцэн сургаалд бэлэг гэдэг үгийн утга яруу тодорхой тусжээ.
· Бэлгэ
Эгэл утгадаа: шинж, өргөмж утга нь: совин, муу утга нь: ёр болно. Совин талыг “бэлгэ дэмбэрэл” гэж тодосгодог бол ёр талыг “яасан бэлгэгүй үг хэлэв” гэж зөөллөнө.
Бэлгэдэл, бэлгэшээх гэх мэт олон үгийн үндэс нь бэлгэ мөн. Бэлгэ гэдэг үгийг “Бэлгэдэл зүй” хэмээх шинжлэх ухаан болтол хөгжүүлсэн нэрт эрдэмтэн С.Дулам: “Бэлгэдэл бол хөдөлгөөнгүй атлаа агшин зуурын, мэдээжийн атлаа үл танигдах, амьдлаг цогцос бүхүй дохио мөн” гэж баталсан.
· Бэлгэ тэмдэг
Оорцог хүнээс эхлээд, овог аймаг, удам нэгтгэн, улс гүрэн дэвжин дээшлэх, дэлгэрэн мандахын өөдрөг хүслээ илэрхийлсэн нууц томьёолол нь бэлгэ тэмдэг.
Жишээ нь: Соёмбо бол Монгол улс ашид мөнх оршин тогтнохын бэлгэ тэмдэг. Ургах наран бол Япон улсын мандан бадрахын /нар шиг мөнх байхуйн/ бэлгэ тэмдэг.
· Билиг
Энэхүү үг нь Кидан гаралтай үг. Оюун хурц, ухаан гэгээн гэсэн утгатай. Түрэг хэлэнд ч мөн адил дуудлагатай.
Билиг мэт Нүд үгүй
Мунхаг мэт Сохор үгүй
гэх сэцлэлд тухайн үгийн утгын оньс тайлагдана. Суут нэгнээ бид “Билиг танхай” гэж ярьдаг бөлгөө.
· Билиг
Уйгурын үеийн бурхан шашны ном зохиолд ч элбэг байна. Билиг гэдэг үг нь Арга-ын эсрэг утгыг илтгэдэг. Хоршвоос “Арга Билиг” болжухуй.
Арга, Билиг гэх нэр томьёог буддын шашнаас авсан байж болох ч хосмол чанарын онол Монгол нутагт хэзээнээс байжээ. Дунд чулуун зэвсгийн үеийн Рашаан хадны зурагт уг хосмол чанарыг бүрнээ харуулсан байгаа нь Монгол нутагт эерэг, сөрөг хосмол оршихуйн онол бий болсон ч гэж сэтгэж болно. “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” гэдэг нь ерөөс “Мөнх тэнгэр” — “Матер”, “Суу заль” — “Ухамсар” юм. Тэгэхээр өвөг дээдэс маань аль нэг талыг баримталж бус дуализм үүсгэн ертөнцийг томьёолж байсан нь нотлогдох буйзаа. Ухамсар нь дотроо мөн арга билгийн шинжтэй бөгөөд “суу” болон “заль” байна. “Суу” — “Билиг”, “Заль” — “Арга”.
Билгийн тоолол — Сарны орчил хөдөлгөөнийг баримталж цаг улирлыг тогтоох зурхайн ёс.
· Бэлиг
Энэ үгийн утга нь бүсэлхийнээс доошхи эрхтнийг заах утгатай. Үгийн язгуур нь “бэл” — бэлхүүс. Өөрөөр хэлбэл: бэл орчимд байдаг нэгэн нууц эрхтнийг бэлиг гэнэ.
“Бэлиг биед, билүү ууланд”
гэх сэцэн үг бий. Мөн Жангар туульд:
Бэр хүн үзэхлээрээ
Бэлийн гурван товчоо султган дагадаг
гэж гардаг.
· Билэг
Олон Монгол ахан дүүсийн нэрд Билэг гэж түгээмэл тааралддаг. Энэ мөн үгийн алдаа болсон мөчид явдал гэхэд болно. Уг үгийн “бил” нь: илэх, илбэх гэдэг үгсийн язгуур, авиа тонгорсон хэлбэр болно.
Эр нөхөр үгүй атал хөвүүд төрүүлэх болсон тухайгаа Алун Гоо эх: “Хэгэли мину билижу гэгээн ину хэгэли дор шинггэхү бүлүгэ” гэсэн байдаг.
Хүн яалаа гэж үр хүүхдэдээ буруу нэр өгөх билээ. Мэдээж оюун санаа онцгой, ухаан гиймэл гэх “Билиг” нэрийг л өгч таарна. Кирилл бичгийн хямралаас өөр юунд буруу өгөх вэ.
Эртний соёл уламжлалынхаа оньсогыг тайлах бичиг соёлоо гээснээр энэ мэт хор уршигтай зүйл болов. Ийнхүү бичвэрээ өндөрлөж байна. Далай ухаанд тань дусал нэмэр болсон гэж найдъя.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу!
Билгийн бөхөөр олныг ялъюу!
Лувсан Батгүн
2020–03–14